Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийлгэнэ

Захирамжийн огноо, дугаар: 2023.01.03, №181/ШЗ2023/00660

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.04.18, процесс №4

Иргэн Дэлгэр нь нөхөр Баттай 2019 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, 2016 онд хүү Түвшин, 2018 онд охин Цэцэг нар төрсөн, хоорондын таарамжгүй харилцаа, үзэл бодлын байнгын зөрчилдөөний улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд, …гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, …гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүлийн холбогдолтой маргааныг шууд шүүх шийдвэрлэхээр тус тус зохицуулсан.

Шүүх Дэлгэр, Бат нарын гэр бүлд хүчирхийлэлтэй гэх байдал тогтоогдоогүй тул Дэлгэрийг гэрлэлтээ цуцлуулах талаар эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийлгэх боломжтой гэж үзэв.

Иймд Дэлгэрийн нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Мөн Дэлгэр нь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргаж, гэрлэлт цуцлуулах асуудлаар эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийлгэж, уг ажиллагааг хийлгэсэн талаархи баримтыг хавсаргаж шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах боломжтойг дурджээ.

 

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Ц.Амармэнд

Холбоос

© 2023 он. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх. All rights reserved.