Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлын талаар ярилцав

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс  Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд хурлыг нээж хэлсэн үгэндээ “Тус дүүргийн нутаг дэвсгэрт төрийн гол яамд, Засгийн газрын агентлагууд,  хууль, хяналтын төв байгууллагууд, Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллага болон Засаг даргын тамгын газар, Төв болон арилжааны банкнууд, Мэдээлэл холбоо, үүрэн телефоны оператор компаниуд зэрэг олон байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ хэмжээгээр тус дүүргийн шүүхийн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан ээдрээ төвөгтэй, олон төрлийн өвөрмөц харилцааг агуулсан байдгаараа онцлог юм. Монгол улсад шүүх эрх мэдлийн тогтолцоо бүрэлдэн төлөвших, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний нэгдсэн практик тогтоход чухал үүрэгтэй байсаар ирсэн тус шүүхийн шийдвэрлэж буй хэрэг маргаан байнга нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 2020 онд 3775, 2021 онд 3814, 2022 онд 5223 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.” гэж онцлов.   

Хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа “Хэргийг ялгаатай удирдах зарчим буюу хэрэг хянан шийдвэрлэх хялбар ажиллагаа”, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны онцлог, анхаарах асуудал”  МУИС-ийн багш Н.Норовсамбуу “Шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахад тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэдийн тоо өсөж, хянан шийдвэрлэх хэрэг маргаан нэмэгдэж байгаа ч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах, богино хугацаанд бага зардалтай явуулах, үүнд шүүгчийн гүйцэтгэх үүрэг, иргэний эрхийг хэрхэн шуурхай хангах талаар хурлын үеэр тодорхой саналуудыг ярилцсан нь ач холбогдолтой байлаа. Мөн зарим процесс ажиллагаанд нэгдсэн практик тогтоох шаардлагын үүднээс асуудал хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүлж, гарсан саналыг шүүхийн практикт хэрэгжүүлэх, энэ чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцох, хууль санаачлагчид санал хүргэхээр ярилцав.  

Нийслэл, дүүргүүдийн иргэний хэргийн шүүгчид, иргэний эрх зүйн чиглэлийн эрдэмтэд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн уг эрдэм шинжилгээний хурал нь Чингэлтэй дүүргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд хүрээнд зохион байгуулагдсан юм.

Холбоос