Автомашины бүхээгт байсан эд зүйл шатаж гал гарсан тохиолдлыг “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын тохиолдол биш гэж үзэв

Шийдвэрийн дугаар: 2022.06.08.  182/ШШ2022/01788

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр

2022.10.26. Шийдвэр- тойм 5

            Жолооч Г нь өөрийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед автомашины бүхээг дотор байсан эд зүйлд гэнэт гал гарч, хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд автомашин шатах үед түүнтэй ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас үүдсэн гадна эд ангийн гэмтэл, хохирол учирчээ.

            Жолооч Г нь Даатгалын компанитай гэрээ байгуулж, “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-д даатгуулсан, уг даатгалын дагуу бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Даатгалын компаниас нөхөн төлбөр шаардсан ба Даатгалын компани нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

            Үүнийг эс зөвшөөрч иргэн Г нь “… даатгалын компани даатгалын тохиолдол үүссэн байхад нөхөн төлбөрийг олгохгүй байна, … жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрөө авч тэдний хохирлыг барагдуулна” гэж, Даатгалын компаниас  5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Даатгалын компаниас “… даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй тул нөхөн төлбөр төлөхгүй” гэж маргажээ.

            Хуульд зааснаар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдол гэж “жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдол”-ыг ойлгоно,  өөрөөр хэлбэл энэ нь зам тээврийн осолтой холбоотой ойлголт бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зам тээврийн ослыг тодорхойлохдоо “тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр хүн, эд хөрөнгөд эвдрэл гэмтэл хохирол учрах..” гэж заасан байдаг.

            Шүүхээс, жолооч Г-гийн автомашинд гал гарсан тохиолдол нь дээрх хуульд заасан тохиолдлын агуулгад хамаарахгүй буюу тээврийн хэрэгслийн яг хөдөлгөөний үйлчлэлээс үүсээгүй, автомашины бүхээг дотор байсан эд зүйлээс үүссэн нь тогтоогдсон тул дээрх тохиолдлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол биш гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/120012?daterange=2022-06-08%20-%202022-06-08&id=1&court_cat=1&bb=1

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан

                                                            шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Буд

Холбоос