Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах эрхтэй

Шийдвэрийн дугаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.11-ний өдрийн 182/ШШ2022/02888

Шүүхийн шийдвэрийн тойм 6, 2023.03.20

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч Б нь “ … үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь захиргааны хэргийн  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54,183,268 төгрөгийг ажиллаж байсан байгууллага болох ҮАГ-аас гаргуулна гэж иргэний хэргийн шүүхэд хандсан. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрээр тогтоосон хэсгийг төлнө, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, Б-г ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх ажилтныг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын гэм буруутайг Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон, шүүхийн шийдвэрээс хойш ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн. Түүнчлэн нэхэмжлэгч Б шүүхийн шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч маргаан иргэний хэргийн шүүхийн харъяалалд хамаарна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан.

 

Урьд захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул шүүх Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хугацаанд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны буюу нэхэмжлэгчийг ажилд томилсон 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч нэхэмжлэгчид нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Талууд хөөн хэлэлцэх хугацаан дээр маргасан ба шүүх уг хугацааг дуусаагүй гэж үзсэн. Учир нь, нэхэмжлэгч Б нь хуульд зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох байгууллагад хандах зохицуулалттай. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх ба нэхэмжлэгчийн энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаар тооцож, тоолсон болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах холбоос:

https://shuukh.mn/single_case/125663?daterange=2022-01-01%20-%202023-04-04&id=1&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Ц.Наранчимэг

 

Холбоос