Байшинг газрын бүрдэл хэсэг гэж үзэн байшингийн ханаар хөрш газрын хилийн заагийг тогтоосон байна.

Иргэн Энхтуяа нь өөрийн газраа хашаалж, залгаа газраа хөрш Цэрэндуламын байшингийн ар талын ханаар тусгаарласан. Хөрш Цэрэндулам нь тухайн газартаа 1985 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2013 онд хуучин байшингаа буулгаж, суурин дээр нь 2 давхар тоосгон байшингаа барьсан байжээ.

Иргэн Энхтуяа өөрийнхөө газрын эргэлтийн цэгүүдийг кадастрын компаниар тодорхойлуулахад түүний газарт Цэрэндуламын байшин нэвтэрч баригдсан болох нь тогтоогдсон тул Цэрэндуламын байшинг нүүлгэн шилжүүлж, газраа албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэн Цэрэндулам нь шүүхэд мэдүүлэхдээ “…Энхтуяагийн газар луу нэвтэрч байшингаа барьсанаа мэдээгүй, байшингаа буулгах боломжгүй тул байшингийн дор орсон газрын дуудлага худалдааны үнийг төлье” гэснийг Энхтуяа зөвшөөрөөгүй.

 

Шүүхээс томилогдсон шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дүгнэлтээр, Энхтуяа, Цэрэндулам нарын өмчлөлийн газар Газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүйгээр бүртгэгдсэн, харин Энхтуяагийн 8 м.кв талбай бүхий газар дээр Цэрэндуламын байшин баригдсан болохыг тогтоосон.

 

Шүүх түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин газрын үндсэн бүрдэл хэсэг байдаг тул Энхтуяа, Цэрэндулам нар хөрш газрын хилийн заагийн маргаантай байна гэж үзээд, Энхтуяа, Цэрэндулам нарын эзэмшилд бодитой байгаа байшингаар тусгаарласнаар нь газрын хилийн заагийг тогтоож, Цэрэндуламыг Энхтуяагийн газрыг хууль бусаар эзэмшээгүй гэж дүгнэжээ. (Иргэний хуулийн 85.2, 139.2)

 

Иймээс Энхтуяагийн Цэрэндуламын байшинг буулгуулж, газраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардал 649,484 төгрөгийг Энхтуяад хариуцуулж шийдвэрлэсэн байна.

 

Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/120287?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=1&bb=1

 

Санамж: Тойм нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа.

Холбоос