БНХАУ-д даалгавар гүйцэтгүүлэхээр Монгол дахь хэргийг түдгэлзүүлэв

Захирамжийн огноо, дугаар: 2023.05.12, 181/ШЗ2023/08320

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.05.22, процесс №5

Иргэн “Б” нь хариуцагч “Ц” компани болон БНХАУ-ын иргэн “W” нарт холбогдуулан орон сууц болон үйлчилгээний зориулалттай 295 мкв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БНХАУ-ын иргэн “W” нь Монгол Улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч “Б” нь БНХАУ-ын Ардын шүүхээр дамжуулан хариуцагч “W”-д нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно. Шүүхийн хүсэлтийг биелүүлэх журмыг тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр, ийм гэрээ байхгүй бол дипломат журмаар тохиролцоно гэж заасан.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд хэлэлцэн тохирогч хоёр этгээдийн хуулийн байгууллагууд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх, “Даалгаврыг биелүүлэх”, “Биелэлтийг мэдэгдэх”-ээр тохиролцсон.

Шүүх дээрх эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу БНХАУ-ын Ардын шүүхээр дамжуулан хариуцагч “W”-д нэхэмжлэлийг гардуулах, хэргийг хянан шийдвэрлэхэд оролцох эрх, үүргийг танилцуулах болон хариу тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох, төлөөлөгч томилон оролцуулах талаар тайлбарласан баримтыг гардуулах ажиллагаа явуулах даалгаврыг Монгол Улсын Дээд шүүхээр дамжуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн даалгавар хэрэгжих хүртэл  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул

Холбоос