Захиргааны хууль бус актын улмаас учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй

Шийдвэрийн дугаар: 2021.12.24-ний өдрийн 182/ШШ2022/00038

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2022.09.27 шийдвэр- хураангуй 4

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандах эрхийг иргэн хуулийн этгээдэд олгосон юм.

“Д” ХХК-иас хууль бус захиргааны актын улмаас өөрт учирсан гэх хохиролд түрээсийн төлбөр, ажилчдын сул зогсолтын нөхөн төлбөр, банкны хүүд төлсөн төлбөр, өмгөөлөгчид төлсөн төлбөр нийт 132 сая төгрөгийг төрийн байгууллагаас нэхэмжилжээ.

Шүүхээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас бусдад хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон бол уг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, “Захирагчийн ажлын алба”-наас нэхэмжлэгч “Д”  ХХК-д өмгөөлөгчид төлсөн төлбөрийг гаргуулан олгож,  харин нэхэмжлэгчид учирсан бусад хохирол нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/123146?daterange=2021-12-01%20-%202022-09-29&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон

Холбоос