Зээлдэгч биш байсан ч барьцаалсан хөрөнгөөрөө зээлийн төлбөрийг төлнө

Шийдвэрийн дугаар: 2022.07.04, 181/ШШ2022/01489

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй

2022.09.26, шийдвэр-хураангуй-3,

 

 “И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна.

 Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, “И” компанийг зээл авахад иргэн Оюун нь “И” компани зээлээ бүрэн төлөөгүй тохиолдолд өөрийн орон сууцаар зээлийн төлбөрийг барагдуулна гэж Банктай барьцааны гэрээ байгуулсан байна.

Шүүхээс, зээлээ буцаан төлөөгүй зээлдэгчийн төлөх ёстой төлбөрийг түүний барьцаанд тавьсан хөрөнгөнөөс гаргуулах нэхэмжлэлийг Банкнаас гаргахад өмнө нь “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр саад болохгүй гэж үзэв.

Түүнчлэн, иргэн Оюун нь зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй байх нь түүний барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хамааралгүй гэж үзэж, иргэн Оюуны зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан худалдаж, “И” компанийн зээлийн төлбөрийг барагдуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/120718?daterange=2022-01-01%20-%202022-09-23&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Ж.Лхагвасүрэн.

Холбоос