Зээлийг буцаан төлснөө баримтаар нотлоогүй тул заргаа алдав

Шийдвэрийн дугаар: 2022.10.04-ний өдрийн 182/ШШ2022/02828

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй /давж заалдсан/

Шийдвэр тойм-8

  Иргэн Д шүүхэд хандаж “… үндсэн зээл 10 сая төгрөгийг иргэн А-аас  гаргуулах” нэхэмжлэл гаргаж, А нь “… зээлийн төлбөрөөс 5,900,000 төгрөгийг бэлнээр, 4,478,000 төгрөгийг бараа, хүнсний бүтээгдэхүүнээр өгсөн учраас зээлийн төлбөрөөс хасч тооцуулна…” гэж, нэхэмжлэгч Д нь эдгээрийг аваагүй гэж тус тус  маргасан байна.

  Хэрэгт авагдсан баримтаар, Д, А нар нь хэд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулж, А нь Д-ээс 10 сая төгрөг хүүтэй зээлсэн, А нь гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг эргүүлж төлөөгүй, Д нь зээлийн хүү гэж 400,000 төгрөг, 823,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүнийг А-аас авсан болох нь тогтоогджээ.

  Шүүхээс  иргэн Д, А  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд талууд өөрсдөө гарын үсэг зурсан, мөнгийг бодитоор бэлнээр хүлээлгэн өгч, хүлээн авсан тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан,зээлдэгч мөнгө шилжүүлэх үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзлээ.

  Хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу Д нь хүү, алдангийг шаардах эрхтэй боловч А-с зөвхөн үндсэн зээлийн төлбөрт 10 сая төгрөг гаргуулахаар шаардсан учраас хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн А-аас зээлийн үндсэн төлбөрт 8,777,000 төгрөгийг гаргуулж, харин зээлийн хүү болон бараа бүтээгдэхүүнээр авсан нийт 1,223,000 төгрөгийг А-аас гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.

  Хариуцагч А нь “зээлийн төлбөрт 5,900,000 төгрөгийг бэлнээр, 4,478,000 төгрөгийн бараа, хүнсний бүтээгдэхүүн өгсөн” гэх боловч энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд гаргаагүй тул баримтаар нотлогдоогүй гэж шүүх үзсэн байна.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/123569?daterange=2022-01-01%20-%202022-11-24&id=1&court_cat=1&bb=1

Бэлтгэсэн:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа

Холбоос