Зээлийн гэрээ цуцлагдсан ч зээлийг эргүүлэн төлж дуусгах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэв

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022.11.22, 181/ШШ2022/02705

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2022.12.14, шийдвэр, тойм-9

   Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь иргэн Цэрэнтэй 2019.05.23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 33,6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн байна.

   Зээлдэгч Цэрэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс ББСБ нь зээлийн гэрээг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Цэрэнд холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шийдвэрлэх явцад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

  Хариуцагч Цэрэн зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан байна.

   Шүүх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг зээлдэгчид хуулиар хүлээлгэсэн тул зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Цэрэн төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

   Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд, зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

   Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд, “… зээлдэгч нь “Зээл эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах”-аар заасан байх тул ББСБ нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг Цэрэнгээс шаардах эрхтэй гэж шүүх дүгнэжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/124453?daterange=2022-11-22%20-%202022-12-14&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Д.Батхуяг

Холбоос