Хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй

2022.08.01

Иргэн Энхтулга “РИМ” ХХК-д “элсэлтийн албаны ахлах ажилтан”-ы албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, ажлаасаа үндэслэлгүй халагдсан тул  ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор ажил олгогчоос гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн Энхтулга уг компанид анх өөр албан тушаалд хугацаатай гэрээ байгуулан ажилласан боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байснаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болмогц уг ажлаас   чөлөөлөгдсөн, дахин хүсэлт гаргасныг ажил олгогч нь хүлээн авч өөр албан тушаалд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулжээ. Мөн дахин хүсэлт гаргасныг нь үндэслэж хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаагаар сунган ажиллуулсан боловч, “ажлын гүйцэтгэл хангалтгүй” байсан тул түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн Энхтулгын сүүлд ажиллаж байсан “элсэлтийн албаны ахлах ажилтан”-ы албан тушаалын орон тоо нь байнгын ажлын байр болох нь баримтаар нотлогдоогүй тул “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой, мөн туршилтын хугацааг хэтрүүлж, хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байхад ажлаас чөлөөлсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хүлээж авсангүй.

Шүүхээс, ажил олгогч “РИМ” ХХК болон Энхтулгын хоорондын өмнөх  хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байсан, компани нь Энхтулгын хүсэлтээр түүнийг дахин өөр ажилд авахдаа туршилтын хугацаа заасан, “ажлаа 1 сарын дараа дуусгая” гэх Энхтулгын хүсэлтийг ажил олгогч нь хүлээн авч гэрээг сунгасан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй, ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшүүлэх зорилгоор туршилтын хугацаанаас гадна дагалдан ажиллуулах хугацаа тогтоож болно. Энэ тохиолдолд Энхтулгыг ажиллуулахаар тохиролцсон хугацаа дуусахын өмнө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар компаниас түүнд мэдэгдсэн хөдөлмөрийн гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Санамж: Хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэрийн дэлгэрэнгүйг дараах линкээр https://shuukh.mn/single_case/107190?daterange=2002-01-01%20-%202022-08-03&id=1&court_cat=1&bb=1 танилцана уу.

Бэлтгэсэн:  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд

Холбоос