Хэргийг шийдвэрлэх хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв

Захирамжийн огноо, дугаар: 2023.01.13-ны 181/ШЗ2023/001241,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.01.31, процесс №-1

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Г нь нөхөр Д-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” нэхэмжлэл шүүхэд гаргасан, хариуцагч Д үүнийг эс зөвшөөрч, “хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Уг хэргийн хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж,  буцсанаар хэрэг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэгдэж байгаа бөгөөд, энэ явцад хариуцагч Д-гийн “эд хөрөнгийн үнэлгээ тогтоох”, “ДНХ шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулах” зэрэг хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд шинжээч эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, тайланг шүүхэд ирүүлсэн боловч, хариуцагч Д нь ДНХ шинжилгээний дээж өгөөгүйгээс шинжилгээ хийх боломжгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх сэргээсэн боловч хариуцагч Д уг захирамжид гомдол гаргаж, гомдлыг хянан шийдвэрлэсэн болон хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Д-ийн өмгөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан гэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г-ээс “…хариуцагч Д нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэргийг шийдвэрлэх хүртэл Д-гээр хүүхдүүдийг нь тэжээн тэтгүүлэх арга хэмжээг авч өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн хэргийг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хүүхдийг тэжээн тэтгүүлэх арга хэмжээг урьдчилан авахаар шийдвэрлэж болохоор заасан.

Дээрх хуульд заасныг үндэслэн, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагч Д хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хянан шийдвэрлэтэл хариуцагч Д-гээс хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр тэтгэлэг гаргуулан Г-д олгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа.

Холбоос