Шүүхийн харъяалал зөрчиж үүсгэсэн хэргийг харъяалалын дагуу шилжүүлнэ

Захирамжийн дугаар: 2022.06.27-ны өдрийн 182/ШЗ08681

Хүчин төгөлдөр болсон.
2022.08.25, процесс – тойм: дугаар 1

Иргэн Батаас хариуцагч Болорт холбогдуулан, түүний иргэний үнэмлэх дээрх хаягийн бүртгэлийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх иргэн Батын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэжээ.

Хуульд зааснаар, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар буюу тухайн нутаг дэвсгэрийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаар заасан байдаг.

Хариуцагч Болор нь нэхэмжлэлийг хүлээн авсан хэдий ч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүнийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагч Болорыг шүүхэд албадан ирүүлэх ажиллагаа явуулахад Болор нь иргэний үнэмлэх дээрх хаягт буюу Чингэлтэй дүүрэгт бодитоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад баримтаар тогтоогдов.

Тус шүүхэд иргэн Болорт холбогдох нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн боловч, тэрээр Чингэлтэй дүүрэгт оршин суудаг эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгч Батын хариуцагч Болорыг эрэн сурвалжлуулах, оршин суугаа газрыг  нь тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шүүх хангаж, улмаар цагдаагийн байгууллагаас хариуцагч Болорын байнга оршин суугаа газар нь  Баянзүрх дүүрэгт болохыг тогтоосон байна.

Энэ тохиолдолд, хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өөрийн санаачлагаар болон хэргийн оролцогчийн хүсэлтээр харъяалах шүүхэд хэргийг шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч Батаас хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын харъяалалаар буюу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаснаар шүүгч захирамж гаргаж, хэргийг харъяалалын дагуу шилжүүлэв.

Санамж: Тойм нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон.

Холбоос