Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно

захирамжийн огноо, дугаар: 2022.11.11, 181/ШЗ2022/15534

захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.03.31, процесс №3

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч И компани нь Т компанид холбогдуулан гэрээний үүрэгт 80,9 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И” компаниас шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн хэмжээгээр зогсоолгох хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хангаж, хариуцагч “Т” компанийн дансны зарлагыг 80,9 сая төгрөгийн хэмжээнд зогсоосон.

Хариуцагч “Т” компани нь энэхүү арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулах тухай хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, Шүүгч хариуцагчийн хүсэлтээр нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болох ба хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно гэж заасан.

Шүүх хариуцагч “Т” компанийн хүсэлтийг хангаж, дансны зарлагын хөдөлгөөнийг 80,9 сая төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг сольж, хариуцагч “Т” компаниас нэхэмжлэлээр шаардсан 80,9 сая төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг 

Холбоос