Үертэй гол гатлах үед автомашин эвдэрсэн хохирлыг даатгалын тохиолдол биш гэж үзэв

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.02.13-ны өдрийн 181/ШШ2023/00560

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчинтэй

Тойм: 2023.03.27, шийдвэр №5

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн Батаа нь өөрийн эзэмшлийн “Тоёота камри” маркийн автомашиныг жолоодон 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдалын голыг гатлах үед шар усны үерийн улмаас усны түвшин нэмэгдсэн байсныг мэдэлгүй, урдаа явсан автомашины усны хаялгад өртөж, машины хөдөлгүүрт нь ус орж эвдэрсэн байна. Бат автомашинаа байгалийн эрсдлүүдээс даатгасан тул хохирлоо гаргуулахаар “Автомашины даатгалын гэрээ”-ний дагуу даатгалын компаниас нөхөн төлбөр 10,2 сая төгрөгийг нэхэмжилсэн.

Даатгалын компани нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, “…даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан “байгалийн эрсдэл”-ээс бус, харин хүний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, нөхөн төлбөр олгохгүй…” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, автомашиныг байгалийн эрсдэлүүдээс дааатгаж, даатгалын гэрээ байгуулсан, автомашины хөдөлгүүр ус орсны улмаас эвдэрч гэмтсэн, уг гэмтлийн улмаас автомашинд 10,2 сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Даатгалын гэрээнд, “Байгалийн эрсдэл” гэдэгт шуурга, аадар, мөндөр, үер, аянга, цахилгаан, газар хөдлөлт, хөрсний нуралтын шууд нөлөө гэх мэт байгалийн үзэгдэл үүсэхийг хамааруулна гэж заасан.

 Даатгалын тухай хуульд, “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж заасан.

Даатгалын зүйлд хохирол учруулсан хүчин зүйл буюу эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар тохиолддог үйл явдал байдаг. Тэр дундаа байгалийн эрсдэл нь хүний ухамсарт үйл ажиллагаанаас ангид урьдчилан таамаглах, сэргийлэх боломжгүй, давагдашгүй хүчний шинжтэй үзэгдэл юм.

Иргэн Батаа голыг гатлах үедээ гол үерлэснийг ухамсарласан ч Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод зааснаар 2493В багтаамжийн хөдөлгүүртэй, 1825 кг жин бүхий, суудлын төрөлд хамаарах жижиг тээврийн хэрэгсэлийг үл харгалзан, гол гаталсны улмаас хохирол гарсан нь гэнэтийн буюу нэхэмжлэгчээс үл хамаарах байгалийн эрсдлийн шалтгаанаар үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа /зан үйл/-тай шууд холбоотой гэж үзэв.

Иймд даатгалын тохиолдол бүрдээгүй тул хариуцагчийн “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн иргэн Батаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/125822?daterange=2023-01-01%20-%202023-04-01&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн

Холбоос