Өөрийнхөө зээлийг төлүүлэх зорилгоор зээл олгосон гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцов

Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар:   2022.05.04,  182/ШШ2022/01340

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр.

2022.11.18 шийдвэр- тойм-7    

  Иргэн Б нь шүүхэд хандаж, “… зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны болон худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Банк бус санхүүгийн байгууллагад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “ … 2018 онд тус Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлж чадаагүй байж байтал эднийхээс над руу утасдаж “… иргэн В-гээс хоногийн 1 хувийн хүүтэй 360,000,000 төгрөг зээл авч манайхаас авсан өмнөх зээлээ төлөөд, буцаагаад манайхаас 360,000,000 төгрөгийн  зээл аваад  В-гийн зээлийг төлчих” гэсэн санал тавьсан. Уг саналынх нь дагуу В-ээс мөнгө зээлж, эдний зээлийг төлөөд, буцаагаад энэ Банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 360,000,000 төгрөг авсныгаа иргэн В-гийн данс руу 1 хувийн хүүгийн хамт шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Банк бус санхүүгийн байгууллагатай хийсэн энэхүү зээлийн гэрээ нь  өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус” гэжээ.

   Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “ … зээлдэгч Б нь урьд 2018 онд авсан зээлүүдийг төлж барагдуулсан тул 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 360,000,000 төгрөг олгосон бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл мөн” гэх агуулгаар маргав.

   Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Б нь Банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 360,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 2 орон сууц барьцаалсан, улмаар барьцаалсан 2 орон сууцыг Банк бус санхүүгийн байгууллага худалдан авч зээлийн төлбөрийг дуусгахаар тохиролцсон худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан, уг зээлийн мөнгө нь Б-гээр дамжин иргэн В-гийн дансанд орсон, хариуцагч Банк бус санхүүгийн байгуулага нь зээлдэгч  Б-ийн урьд авсан зээлийг төлүүлэх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 360,000,000 төгрөгийн зээлийг олгосон, үүнд иргэн В оролцсон болох нь тогтоогдсон байна.

Банк бус санхүүгийн байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох эрхийг олж авсан этгээд болохын хувьд хуулиар тогтоосон зээл олгох журам, зээлийн гэрээ байгуулах шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.

   Энэ тохиолдолд, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б-тэй байгуулсан зээлийн гэрээ нь “хууль зөрчсөн”, “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн” хүчин төгөлдөр бус  хэлцэл байна гэж шүүх дүгнэв.

   Иймд, шүүх Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зээлийн гэрээг болон зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, мөн барьцааны зүйлийг худалдан авч төлбөрийг дуусгахаар байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,  Б-ийн өмчлөлийн дээрх гэрээнд заагдсан  үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/109847?daterange=2022-01-01%20-%202022-02-28&id=1&court_cat=1&bb=1

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Даваасүрэн

Холбоос