blog

Шийдвэрийн огноо дугаар: 2022.09.07-ны өдрийн 181/ШШ2022/01985

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тойм: 2023.01.31, шийдвэр №2

Нэхэмжлэгч М нь нэгэн Даатгалын компанид холбогдуулан Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 38,0 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч Даатгалын компани нь нэхэмжлэгч М-ийг даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан.

“Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр даатгалын компани нь М-ийн Жийп Вранглер маркийн автомашинд замын хөдөлгөөний бүх төрлийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоор, даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80%-иар тооцож нөхөн төлбөр олгохоор тохиролцжээ.

Даатгалын гэрээний хугацаанд М нь автомашинаа жолоодон Зайсан Богд уулын энгэр, Могул тауны хотхоны баруун замаар дээшээ өгсөж яваад өөдөөс ирсэн машинд зам тавьж өгөх үедээ замын хажуу руу онхолдож осол гаргасан, уг ослын улмаас автомашинд 38,0 сая төгрөгийн хохирол учирсан, ослыг замын цагдаагийн газраас шалгаад М-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, хөдөлгөөний чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөнийг тогтоож, М-д 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч Даатгалын компани нь Могул тауны баруун зам гэх газар нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл аваагүй орц, гарц байсан тул даатгуулагч М зөвшөөрөлгүй орц, гарцаар нэвтэрч, уул руу чиглэсэн өндөр, чулуу, нуранги ихтэй газраар өгсөж нийтийн хэрэгцээний бус замаар зорчин даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж тайлбарласан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг, Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан.

Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэлээр М нь тээврийн хэрэгсэл зорчдог хэсгээр автомашинаа жолоодож яваад замын зорчих хэсэгт буюу “зам”-д хамаарах хэсэгт автомашинаа онхолдуулсон нь тогтоогдсон бөгөөд гэрч Б нь “...бид явж байхад урдаас машин ирээд зам тавьж өгөх гээд замаас гараад буцаад зам руугаа орох гэтэл осол болсон” гэж мэдүүлсэн байна.

Шүүх орц, гарцын зөвшөөрөл маргаанд хамааралгүй, М-ын автомашинтайгаа зорчиж явсан хэсэг нь замд хамаарах тул хариуцагчийн нийтийн хэрэгцээний бус замаар зорчсон, тээврийн хэрэгслийн туулах чадварыг туршиж санаатайгаар даатгалын тохиолдлыг бий болгосон гэх тайлбар нотлогдоогүй гэж үзэв.

Харин “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд заасны дагуу Жийп Вранглер маркийн автомашин зам тээврийн ослын улмаас онхолдож, хохирол учирсан нь тогтоогдсон тул даатгалын тохиолдол бүрдсэн, Даатгалын компани нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Дээрх осол М-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан тул даатгалын гэрээнд заасны дагуу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын 80%-иар тооцож, нөхөн төлбөр 31,0 сая төгрөгийг Даатгалын компаниас гаргуулан нэхэмжлэгч М-д олгов.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/125067?daterange=2022-01-01%20-%202023-02-05&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг

Шэйр:
site-logo