blog

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.10-ны өдрийн 182/ШШ2023/00189

Тоймын дугаар, огноо: №1, 2023.01.31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

С компани өөрийн ажилтан О-гийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. О үүнийг зөвшөөрөхгүй, 2014 оноос энэ компанид ажилласан, 2021-01-01-нээс шинээр үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуулиар “хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэсэн тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ёсгүй байсан гэж үзээд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

С компани тендерт шалгаран нийслэлээс алс орших уул уурхайн компанийн нийтийн хоол, угаалга цэвэрлэгээ, засвар үйлчилгээнийх нь асуудлыг хариуцан үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд тухайн уул уурхайн компанитай 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан. С компани нь А-г үйлчилгээний ажилтны албан тушаалд ажиллуулахдаа уул уурхайн компанитай байгуулсан гэрээний хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан. С компани дараагийн тендерт шалгарч чадаагүй тул ажилтнуудаа, түүн дотор А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

Шүүх ажилтан А-гийн хувьд шинээр мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт хэрэглэгдэхгүй гэж үзсэн. Учир нь, хууль үйлчилж эхлээд 2 жил болоогүйн гадна хугацаатай байгуулагдаж буй хөдөлмөрийн гэрээний хугацаа ажил олгогч, ажилтан хоёроос шалтгаалахгүй, гуравдагч этгээдээс шалтгаалж буй тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй гэж үзсэн ба шүүх нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах холбоос: https://www.shuukh.mn/single_case/125032?daterange=2023-01-01%20-%202023-01-31&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийнерөнхий шүүгч С.Буд

Шэйр:
site-logo