blog

Шийдвэрийн дугаар: 2023.01.25. 182/ШШ2023/00514

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 5, 2023.03.16

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Т Нийслэлийн Замын хөгжлийн газарт холбогдуулан 2014-2018 оны хооронд авто замын ажил хийхдээ авто замыг зөв хийгээгүй буюу шар ус зайлуулах хоолой байхгүй, замыг зургийн дагуу тавиагүйгээс хашаа байшин руу нь ус орж байшингийн бетон шал хагарч, тоосго нурж, амьдрах боломжгүйгээс байшингаа нураан хохирол учирсан” гэж, өөрт учирсан хохиролд байшингийн үнээр тооцон 55,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагаас “замын байгууламжийн ажлын зурагт тусгагдсан ус зайлуулах хоолойг дутуу хийсэн, орхигдуулсан зүйл байхгүй тул гэм буруугүй, харин нэхэмжлэгч өөрөө орц гарц гаргаж усны голдирлыг буруу тийшээ чиглүүлсэн буруутай” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч батлагдсан зураг төслийн дагуу замын ажлыг хийж гүйцэтгэн, Улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба ажлын зурагт тусгагдсан ус зайлуулах хоолойг дутуу хийсэн, орхигдуулсан гэх хариуцагчийн гэм буруутай үйлдэл болон үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хуульд, бусдад гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан, хариуцагчийн буруутай үйл ажиллагааг дээрх байдлаар тогтоогдоогүй тул шүүх хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрыг гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/125154?daterange=2023-01-01%20-%202023-04-02&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Н.НАРАНГЭРЭЛ

Шэйр:
site-logo