blog

Иргэн Эрдэнэбат нь Хандаагаас 20,000,000 төгрөгийг, хүүгүй, 20 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулжээ.

Эрдэнэбат нь зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй тул Хандаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 20,0 сая төгрөг, алданги 10,0 сая төгрөг гаргуулахаар шаардсан.

Эрдэнэбат нь шүүхэд мэдүүлэхдээ “...Тухайн үед надад 15,0 төгрөгийн хэрэгцээ гарч, Хандааг зээлдүүлээч гэхэд Хандаа “15 саяыг аваад 20 сая болгож өгвөл болж байна, тэгье гэвэл би 20,0 саяыг чам руу шилжүүлнэ, чи мөнгө оронгуут буцаагаад 5,0 саяыг надад бэлэн өгөөрэй. Хугацаа хэтэрвэл алданги тооцно шүү” гэхээр нь зөвшөөрч гэрээ хийсэн. Хандаа гэрээний дагуу 20,0 сая төгрөг дансанд шилжүүлэхээр нь 5,0 сая төгрөгийг АТМ-ээс авч Хандаад бэлнээр аваачиж өгсөн тул 15,0 сая төгрөгийг алдангийн хамт төлнө” гэж маргажээ.

Хандаад 5,0 сая төгрөг бэлнээр өгөхийг Очроо харсан гэж Эрдэнэбат нь Очроог гэрчээр дуудсан боловч, гэрч Очроо нь Эрдэнэбат, Хандаа нар уулзсан, гэхдээ мөнгө өгөхийг огт хараагүй гэж шүүхэд мэдүүлэв.

Тухайн өдөр Эрдэнэбатын данснаас 5,0 сая төгрөгийн зарлага бэлнээр гарсан, Эрдэнэбат, Хандаа нар тэр өдрөө утсаар хэд хэдэн удаа холбогдож ярьсан, Эрдэнэбатын эхнэр Анхаа нь “...5,0 сая төгрөг бэлнээр аваад Хандаад өгөхөөр очсон, би машиндаа хүлээж байсан” гэх мэдүүлэг шүүхэд гаргасан байна.

Шүүх эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, Эрдэнэбатыг 5,0 сая төгрөгийг буцааж төлсөн болох нь нотлогдоогүй, гэрээний дагуу Хандаа нь Эрдэнэбатын дансанд 20,0 сая төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, харин Эрдэнэбат нь зээлсэн мөнгөө буцааж төлсөн болохоо шүүхэд нотлож чадаагүй гэж шүүх үзэж, нэхэмжлэгч Хандаагийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Эрдэнэбатаас 30,0 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/119781?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=1&bb=1

Санамж: Тойм нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Тоймбэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа.

Шэйр:
site-logo