blog

Шийдвэрийн дугаар: 2022.03.22, 181/ШШ2022/00590

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

2022.09.26, шийдвэр-хураангуй-4

Иргэн Шинээ нь мөнгө өсгөх зорилгоор фэйсбүүкийн “Wiselling” сүлжээнд элсэхээр иргэн Уламбаяртай урьдчилан тохиролцож, энэ зорилгоор иргэн Сэлэнгийн дансанд 9,4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч Wiselling.com сайт хаагджээ.

Иргэн Шинээ нь 9,4 сая төгрөгөө Сэлэнгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “… “Wiselling” сүлжээнд элсээгүй” гэж, хариуцагч Сэлэнгэ нь “ …би Уламбаяртай хамтран “Wiselling” сүлжээнд нэгдсэн, Уламбаярын даалгаснаар нэхэмжлэгч Шинээгийн надад шилжүүлсэн 9,4 сая төгрөг нь Уламбаярын надад өгөх ёстой өрөнд шилжүүлсэн мөнгө” гэж маргав.

Уг хэрэгт гэрчээр татагдсан Уламбаяр нь “...“Wiselling” гэдэг интернетээр арилжаа хийж ашиг олдог сайтад Монгол Улсаас 782 хүн холбогдсон байсан боловч сайт хаагдаж, бид цагдаад өргөдөл гаргаснаар нийт 12 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би нэхэмжлэгч Шинээг танихгүй, мөн хариуцагч Сэлэнгэд төлөх өр төлбөр байхгүй” гэж шүүхэд мэдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Шинээ нь www.wiselling.com сайтад бүртгүүлээгүй нь тогтоогдсон байна.

Шүүхээс нэхэмжлэгч Шинээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгээгээс 9,4 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шинээд олгож шийдвэрлэсэн.

Учир нь, хариуцагч Сэлэнгэ нь 9,4 сая төгрөгийг ямар үндэслэлээр Шинээгээс шилжүүлэн авсан нь тодорхойгүй буюу хууль ёсны орлого олсон болохоо нотлоогүй гэж шүүхээс үзжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/123101?daterange=2022-01-01%20-%202022-09-28&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Г.Энхцэцэг

Шэйр:
site-logo