Захирамжийн огноо, дугаар: 2023.02.10-ны 181/ШЗ2023/003073,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.02.20, процесс №-2
“Н” компани нь “А” компанид холбогдуулан худалдсан барааны үнэ 39,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх “Н” компанийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар “А” компанийн шуудангийн хаягаар “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хоёр удаа хүргүүлэв.
Шүүхийн мэдэгдэх хуудсыг эхний удаад “А” компанийн ажилтан Г хүлээн авсан боловч шүүхийн дуудсан хугацаанд хариуцагч ирээгүй, дараагийн мэдэгдэх хуудсыг тус компанийн харуул М хүлээн авсан боловч эрх бүхий этгээд нь мөн шүүхэд ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хариуцлага хүлээлгэхээр заасан. /ИХШХШТХ-ийн 77.9/
Шүүх хариуцагч “А” компанийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзэн хариуцагч “А” компанийн захирлыг албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч А.Цэлмэг