Шийдвэрийн огноо, дугаар: 2023.05.02, 181/ШШ2023/01317
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.
Тойм: 2023.05.22, шийдвэр №7,
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан иргэн Б 2018 онд ажлаасаа үндэслэлгүй халагдсан болохоо захиргааны хэргийн шүүхээр тогтоолгон эгүүлэн томилогдох болж, тус байгууллагаас өөрт учирсан хохиролд 6.2 сая төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн.
Тэрээр дүүргийн ЗДТГ-ын даргыг ажилд томилоогүй гэх үндэслэлээр удаа дараа шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж авсан бөгөөд дахин уг олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин хариуцагч ЗДТГ нь иргэн “Д”-г ажилд орох сонирхолгүй, шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор аваад яваад байх сонирхолтой, өөр байгууллагад ажилладаг болох нь тогтоогдсон гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуульд, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, иргэн “Д” нь ажилдаа томилогдохгүй гэх хүсэлтийг өөрөө гаргаснаас гадна энэ хугацаанд Уул уурхайн яам, Шуудан илгээмжийн гаалийн газарт ажилласан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дүүргийн ЗДТГазарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцож тогтоол гаргажээ.
Дээрх баримтад үндэслэн шүүх иргэн “Д”-г ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:https://shuukh.mn/single_case/126707?daterange=2023-01-01%20-%202023-05-22&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа