blog

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхэт Элчин сайд Ноён Атул Малхари Готсурветэй өнөөдөр /2024.07.05/ албан уулзалт хийв.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Ахлах мэргэжилтэн Б.Сугармаа нар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг тус зөвлөлийн чиг үүрэг, бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Энэтхэг Улсын шүүхийн захиргааны чиг үүрэг бүхий байгууллагатай харилцаа холбоо тогтоож, Шүүхийн цахимжуулалт, мэдээллийн технологийн ололт амжилт, туршлагыг судлаж, харилцан айлчлах, Монгол Улсын Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшин ахиулах сургалтад хамруулах, шүүхийн захиргаанд тогтвортой, мэргэшин ажиллаж байгаа албан хаагчдын гадаад хэлний (Англи хэл) мэдлэгийн түвшинг ахиулах чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ноён Атул Малхари Готсурвет Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 2024-2025 онд хэрэгжих Техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Шүүхийн захиргааны ажилтнуудаас Мэдээллийн технологийн болон Англи хэлний мэдлэгийн түвшин ахиулах сургалтад 7 хоногоос 2 жилийн хугацаанд суралцах боломжтой талаар дурдав.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Шэйр:
site-logo