blog

Та нэхэмжлэл гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай.

  • Таны нэхэмжлэл дээрх шаардлагыг хангаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. Учир нь таны гаргаж байгаа шаардлага хуульд заасан үнийн дүн, бусад шаардлагад нийцэж байгаа бол та, хэргийн бусад оролцогч, эсхүл шүүх маргааныг хянан шийдвэрлэх журмыг сонгох боломжгүйгээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр нэхэмжлэлийг тань хүлээн авна.
  • Хэрэв таны нэхэмжлэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бол шүүх хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Энэ нь танд, холбогдох өөр шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргах үр дагавар үүсгэж, цаг хугацаа алдахад хүргэнэ.
  • Нэгэнт шүүх тусгайлсан журмаар шийдвэрлэхээр хүлээн авсан бол та иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийг нэг л удаа нэмэгдүүлэх эрхтэй. Тодруулбал, таны үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 13,200,000 төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой. Та хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнээс хойш хэд дахин дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн, нэхэмжлэлийн дүнгээ анхнаасаа зөв тодорхойлолгүйгээр шүүхэд хандах нь таны нэхэмжлэлийг 13,200,000 төгрөгөөр хязгаарлахад хүргэх үр дагавартай байж болохыг сайтар анхаарвал зохино.
  • Та нэхэмжлэлээ гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан загварыг ашиглах нь зүйтэй тул уг загвартай урьдчилан танилцах, холбогдох мэдээллийг өөртөө ойр байлгах шаардлага үүснэ. Иймд нэхэмжлэлээ гаргахаар шүүхэд хандахаас өмнө нэхэмжлэлийн загвартай анхааралтай танилцан, тохирох загварыг сонгож, дурдсан асуултад хариулах бэлтгэл хангана уу.
  • Таны гаргах нэхэмжлэлийн шаардлага тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхийг дахин нягтлан нэхэмжлэлээ гаргаарай.

Таны нэхэмжлэл дээрх шаардлагыг хангаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байвал ЭНД дарна уу.

Нэхэмжлэл гаргах шүүхийн харьяалал

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд гаргана. /ИХШХШтХ-ийн 14.1/

  • 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдах бөгөөд хариуцагчийн оршин суугаа газрын хаяг Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хамаарах бол Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргана.
  • Хариуцагчийн хаяг Багахангай, Налайх дүүрэгт хамаарах бол Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, орон нутгийн иргэд Аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргана.

Та “Шүүх байгуулах тухай хууль” татах бол ЭНД дарна уу.

Нэхэмжлэлд тусгах зүйл

Таны гаргах нэхэмжлэлийн шаардлага тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарч буй эсэхийг дахин нягтлан нэхэмжлэлээ гаргаарай.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах маргааны төрлийг харах бол ЭНД дарна уу.

Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна.

  • Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
  • Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, утас, и-мэйл хаяг,
  • Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, утас, и-мэйл хаяг,
  • Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт,
  • Нэхэмжлэлийн үнэ,
  • Хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
  • Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.
  • Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

Та нэхэмжлэл гаргах “Нийтлэг l маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.

Та нэхэмжлэл гаргах “Гэрээний загвар маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.

Шэйр:
site-logo