БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Ажил олгогч шийдвэр гаргаагүйд ажилтныг буруутгах боломжгүй.

Ажил олгогч шийдвэр гаргаагүйд
ажилтныг буруутгах боломжгүй

Шийдвэрийн дугаар: 2025.11.05-ны өдрийн 191/ШШ2025/09467
Магадлалын дугаар: 2026.02.02-ны өдрийн 210/МА2026/00287

Шийдвэрийн тойм: 2026.05.11 № 5
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч “Э” компанид холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ хүнд өвчтэй гэр бүлийн гишүүнийг асрах шаардлагын улмаас хөдөлмөрийн дотоод журам, бусад журмын дагуу 6 өдрийн чөлөө авах хүсэлтээ, баримтуудын хамт илгээж, чөлөө авсан байхад ноцтой зөрчил гаргасан гэж үзэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж тайлбарлан, хариуцагч нь “Ажлын цаг ашиглалтын журам”-д зааснаар ажилтны чөлөөний хүсэлтийг шийдвэрлээгүй, ажлын байрыг орхин явах зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн ажлын байрыг орхин хөдөлмөрийн гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэж маргажээ.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Ө.С нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд чөлөө авах хүсэлтийг холбогдох баримт /эмнэлгийн магадалгаа/-ын хамт байгууллагын дотоод цахим системээр илгээж, улмаар уг хүсэлт нь зөвшөөрөгдсөн төлөвтэй болсон, харьяалах нэгжийн удирдлагаас түүний чөлөө хүссэн хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгсөн нь тогтоогдсон.
Шүүх хэрэг, маргааныг хэлэлцээд ажилтан Ө.С цалинтай чөлөө олгохыг хүссэн хүсэлтдээ зайлшгүй чөлөө авах шаардлагатай болсон үндэслэл шалтгааны талаар илэрхийлж, хүсэлт болон түүнийг нотлох баримтуудыг байгууллагад мөрдөгдөн ажиллах журам, дүрэмд заасан хугацаанд гаргаж хүргүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогчоос ажилтны хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэх талаар “Ажлын цаг ашиглалтын журам”, “Хөдөлмөрийн дотоод журам”-д тодорхойлоогүй, ажил олгогчоос шийдвэр гаргаагүй байгаад ажилтныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/248495?daterange=2025-01-01%20-%202026-01-02&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn