Ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх үр, дагаврыг ажил олгогч хариуцна.

Шийдвэрийн дугаар: 2023.06.09, 181/ШШ2023/01887

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.10.10, шийдвэр-хураангуй-10.

Иргэн Баяр “Д” компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2023 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Д компани нь Баярын цалингаас ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг Нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч сүүлийн 8 сарын хугацааны шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлөөгүй.

Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж авах зорилгоор холбогдох баримтыг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч ажил олгогчоос шимтгэлийг нь төлөөгүй, өр үүсгэсэн гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзжээ.

Баяр ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 5,1 сая төгрөгийн хохирлоо “Д” компаниас гаргуулахаар шүүхэд хандсан ба хариуцагч “Д” компани нь Баярыг ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх хуульзүйн үндэслэлгүй гэж маргасан.  

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд, “Даатгуулагч ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх”-ээр, Нийгмийн даатгалын тухай хуульд “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар, Баяр ажилгүй болохоосоо өмнө тасралтгүй 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан боловч “Д” компани нь Баярын сүүлийн 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нь нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй болох нь тогтоогдсон.

Баярыг ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй гэх тайлбар нь ажил олгогч “Д” компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгт хамааралгүй.

Шүүх, ажил олгогч “Д” компанийг хөдөлмөрийн хөлснөөс оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс иргэн Баяр ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй тул “Д” компани хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзэв.   

Баяр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш ажлын 76 хоногоос дээш хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь тогтоогдсон тул энэ хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д заасан аргачлал, хувь хэмжээгээр тооцон “Д” компаниас 5,1 сая төгрөгийг гаргуулж Баярт олгож шийдвэрлэжээ.   

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/128495?daterange=2023-01-01%20-%202023-10-09&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Ц.Амармэнд

Холбоос