Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Сүхбаатар дүүргийн шүүх нь анх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районд бүсчлэн хувааж,  засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу үүсгэн байгуулагджээ.

Улаанбаатар хотын 1, 4 хэсгийн шүүхийг өөрчлөн нэгтгэж Сүхбаатарын районы Ардын шүүхийг дарга, 4 шүүгч, 25 ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажлаа эхэлсэн түүхтэй.

Шинээр байгуулагдсан Сүхбаатарын районы ардын шүүх нь Намын Төв Хорооны ба Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг удирдлага болгон районы нам, захиргааны байгууллагын болон Улаанбаатар хотын шүүхийн өдөр тутмын дэмжлэг, туслалцаатайгаар шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэн, Орон сууц гудамжны 44 хороо, 100.000 гаруй хүн ам, 800 гаруй албан байгууллага бүхий районы нутаг дэвсгэрт анхан шатны шүүхийн үүргийг гүйцэтгэн явуулах болжээ.

Сүхбаатар районы ардын шүүх нь үйл ажиллагаагаа дараах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байсан байна. Үүнд:

  1. Шүүх таслах,
  2. Гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулах,
  3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн чиглэлээр явуулж ирсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулах ажил нь шүүх байгууллагын үйл ажиллагааны салшгүй бүрдэл хэсэг нь болж байлаа.

Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, түүний үр дүнд нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж үндсээрээ өөрчлөгдсөн ба шинэ Үндсэн хуулийн хүрээнд 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Сүхбаатар дүүргийн шүүх” хэмээн өөрчлөн байгуулжээ.

Шүүх эрх мэдлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай  хууль”-/Шинэчилсэн найруулга/-иар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийг нэгтгэж хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” байгуулагдав.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа  явуулж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Улсын их хурлаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан  “Шүүх байгуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар, “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”  бие даан байгуулагдан өнөөг хүртэл нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Холбоос