Гомдол гаргах хугацааг хэтрүүлж болохгүй

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.10.25, 181/ШШ2022/02392

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.02.15, шийдвэр №4,

 

2021 оны шүүхийн шийдвэрээр иргэн А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11,0 сая төгрөгийг “К” байгууллагаас гаргуулан А-д олгож шийдвэрлэсэн. “К” байгууллага нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй тул “К” байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэн А-г ажилд нь буцаан авчээ.

Ажилтан А нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилдаа буцаж орсон өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 16,0 сая төгрөг, 2019-2020 онд дутуу олгосон цалин хөлс 20,5 сая төгрөг, өмгөөллийн хөлс 4,5 сая төгрөгийг ажил олгогч “К” байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“К” байгууллага нь хуульд заасан давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн тул уг хугацааны цалинтай тэнцэх олговорыг төлөхгүй, А нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул дутуу олгосон цалин хөлс шаардах эрхгүй, өмгөөллийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д Ажилтан ажлаас буруу халсан, шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд, бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад тус тус гомдлоо гаргахаар заасан.

Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

А нь ажилд буцаан авсан өдрөөс 3 сарын дотор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан тул гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, уг шаардлага нь ажилтны ажлаасаа хууль бусаар халагдсаны улмаас зөрчигдсөн хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг нь сэргээн үр дагаварыг арилгах зорилготой тул “К” байгууллагын давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн байдал олговрыг олгохгүй байх нөхцөл болохгүй юм.

Ажилтан А нь 2019-2020 онд цалин хөлс дутуу олгосныг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдал тогтоогдоогүй, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хөлс 4,5 сая төгрөг төлсөн нь “К” байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учруулсан хохиролд хамааралгүй байна.

Шүүх “К” байгууллагаас шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд нь буцаан авсан өдрийг хүртэл хугацааны олговор 16,0 сая төгрөгийг гаргуулан ажилтан А-д олгож, нэхэмжлэгч А гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул 2019-2020 оны дутуу олгосон цалин хөлс 20,5 сая төгрөг гаргуулах шаардлагыг, өмгөөлөгчийн хөлс нь хариуцагчийн учруулсан хохирол биш тул өмгөөллийн хөлс 4,5 сая төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/125188?daterange=2022-10-23%20-%202023-01-27&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Б.Түмэнцэцэг

Холбоос