Гэрээгээр хүлээсэн татварын тайлан, тооцоог үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол төлөв

Шийдвэрийн дугаар: 2022.05.03-ны өдрийн 182/ШШ2022/01296

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Шийдвэрийн тойм: №7, 2023.07.28

1.ГА ХХК нь санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр СА ХХК-ийн санхүү, тайлан, татварын асуудлыг хариуцан ажиллаж байсан ба, СА ХХК нь ГА ХХК-нд холбогдуулан Татварын хэлтсийн 2018 оны 2 удаагийн хяналт, шалгалтаар манай байгууллагыг албан татвар ногдох орлогоос хасч, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан, хуурамч бичилт хийж тайланд тусгасан болохыг тогтоож, шийтгэлийн хуудас бичсэн, үүний улмаас бид нөхөн татвар, торгууль, алданги төлж хохирсон, энэ асуудалд ГА ХХК буруутай, манай байгууллагын санхүү, тайлан, татварыг үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй гэж хохирол шаардсан байна.

Харин ГА ХХК нь Татварын хэлтсийн 2018 оны 2 удаагийн шийтгэлийн хуудсанд заасан зөрчил манай байгууллагад хамааралгүй, шийтгэлийн хуудасны талаар СА ХХК нь эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон, тайлан тооцоог СА ХХК-ийн гарган өгсөн анхан шатны баримтуудад үндэслэдэг, Татварын хуульд зааснаар СА ХХК-ийн өөрийн төлөх ёстой татварыг бид төлөхгүй гэж маргажээ.

2.Шүүх, хэрэгт авагдсан баримтаар ГА ХХК нь СА ХХК-ийн 2016 оны татварын тайлан тооцоог гаргаж, Татварын албанд илгээхдээ НӨАТ-ын падаануудад хуурамч бичилт хийж, НӨАТ ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, ГА ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал нь хохирлыг төлөхөө зөвшөөрч байсан, мөн ГА ХХК нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол буюу торгууль, алдангийг бүрэн хариуцахаар гэрээгээр тохиролцсон учир ГА ХХК нь торгууль, алданги төлөх үүрэгтэй гэж, харин нөхөн татвар төлөх асуудал нь Татварын хууль тогтоомжид зааснаар СА ХХК-нд өөрт нь хамааралтай гэж тус тус дүгнээд ГА ХХК-иас торгууль, алдангийг хохиролд тооцон гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:

https://www.shuukh.mn/single_case/119368?daterange=2022-01-01%20-%202023-07-31&id=1&court_cat=1&bb=1 холбоосоор орно уу.

Тойм бэлтгэсэн:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа    

Холбоос