Гэрээг цуцлахдаа нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж, гэрээний үүргээ биелүүлэх боломж олгоно

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2023.01.09, 181/ШШ2023/00154

Тоймын дугаар, огноо: №1, 2023.01.23

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

  Банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Дорж, Цэрэн нартай 2021.07.09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, орон сууц барьцаалж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

  Зээлдэгч Дорж, Цэрэн нар 2022.08.15-ны өдрийг хүртэл гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн боловч 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчжээ.

  Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр “зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар 2022.10.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлдэгч Дорж, Цэрэн нар “зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй,  зээлийг хуваарийн дагуу төлнө” гэж маргасан байна.

  Иргэний хуульд зааснаар, гэрээ байгуулсан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх бөгөөд уг хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан, түүнчлэн, Банк бус санхүүгийн байгууллага болон иргэн Дорж, Цэрэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр “Зээлдүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлэх”-ээр тохирчээ.

  Иймд, шүүхээс “гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдээгүй, зөрчлөө арилгах боломжийг олгоогүй тул зээлийн гэрээг цуцлах зээлийн төлбөрийг буцаан шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэн, Банк бус санхүүгийн байгууллагыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүхийн шийдвэрийг бүрэн харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124967?daterange=2023-01-01%20-%202023-01-27&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг

Холбоос