Даатгалын нөхөн төлбөр авахаар хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.

Шийдвэрийн огноо дугаар: 2023.08.08-ны өдрийн 181/ШШ2023/02488

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.10.03, шийдвэр-хураангуй 11.

Нэхэмжлэгч М нь “Х” даатгалын компанид холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 37,012,368 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Х” даатгалын компани эс зөвшөөрч, даатгуулагч М-ийн буруутай үйлдлийн улмаас буюу цахилгааны хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан байхад манай байгууллагын нөхөн төлбөрийн албанаас хариуцлагагүй үйлдэл гаргаж, даатгуулагчид нөхөн төлбөр олгосон, даатгуулагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс даатгалын нөхөн төлбөрт олгосон 38,249,777.84 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч М, “Х” даатгалын компанитай “Зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, 3 үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан, даатгалын хураамжийг төлсөн талаар талууд маргаагүй.

Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд гал гарч, даатгалын зүйлд хохирол учирсан, даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг нэхэмжлэгч М “А” ХХК-иар үнэлүүлэхэд нийт хохирлын хэмжээг 84,387,200 төгрөгөөр, “Х” даатгалын компани “Б” ХХК-иар үнэлүүлэхэд хохирлын хэмжээг 47,812,200 төгрөгөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч “Ь” ХХК хохирлын хэмжээг 50,383,300 төгрөгөөр тогтоосон.

Даатгалын компани талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 16 дахь хэсэгт “Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол … олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө” гэж заасныг баримтлан “Б” ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээ болох 47,812,222.3 төгрөгийн 80 хувиар тооцож, 38,249,777.84 төгрөгийг нэхэмжлэгч М-д олгожээ.

Даатгуулагч М даатгалын нөхөн төлбөр авахаар “Х” даатгалын компанид хүсэлт гаргахдаа Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 23/043/29 дугаартай “Гал түймэр гарсан тухай акт”-ыг хавсаргаж өгсөн бөгөөд уг актад галын шалтгааныг “…Уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгааны утсанд хэт ачаалал /халалт/ үүссэнээс гал гарсан байх магадлалтай” гэж дүгнэсэн байна.

Гэвч даатгуулагч М-ийн эхнэр О нь Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад Э-ээс гуйж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 23/043/29 дугаартай “Гал түймэр гарсан тухай акт”-аас “…Уг зоогийн газрын цахилгаан хэрэглээ хүчдэл нь байнгын хэлбэлзэл ирдэг. Тухайн барилгын дээврийн хэсгээр татсан цахилгааны утсанд хэт ачаалал /халалт/ үүссэнээс гал гарсан байх магадлалтай” гэсэн хэсгийг хасуулан утга агуулгын зөрүүтэй, он, сар, өдөр, дугаар нь ижил дүгнэлтийг дахин гаргуулан нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар өгсөн болох нь Д аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол”-оор тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар гаргасан уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзэв.

Иймд шүүх, даатгуулагч М-ийн даатгалын нөхөн төлбөр хүсэхдээ “Х” даатгалын компанид гаргасан Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 23/043/29 дугаартай “Гал түймэр гарсан тухай акт”-ыг нотлох баримтаар үнэлж, тус актад дурдсан гал гарсан шалтгаан нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарах тул даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 37,012,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн, “Х” даатгалын компанийн даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн ч даатгуулагчийн эрх, ашгийг харгалзан үзэж, даатгалын гэрээнд заасан даатгуулагчид ашигтай хувилбарыг тооцож олгосон нөхөн төлбөр болох 38,249,777.84 төгрөгөөр нэхэмжлэгч М-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй нэхэмжлэгч М-ээс 38,249,777.84 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийн цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128434?daterange=2010-01-01%20-%202023-10-04&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг

Холбоос