Нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэхдээ нотлох үүрэгтэй

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.16, 181/ШШ2022/02620

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тойм: 2023.02.07, шийдвэр №12

“Т” компани шүүхэд хандаж “Б” компаниас 209,730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … манай компанийн бараа бүтээгдэхүүнээс “Б” компани худалдан авахаар захиалга өгсний дагуу 2020 онд 206,730 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараануудыг “Б” компанийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт нь хүргэж өгсөн боловч төлбөр тооцоог төлж барагдуулаагүй” гэжээ.

Хариуцагч “Б” компани нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “… “Т” компанитай гэрээ хийгээгүй, хүнсний бараа хүлээж аваагүй, нэхэмжлэгчийн тухайн барааг хүлээлгэж өгсөн гэх хугацаанд дэлгүүрийг иргэн Ж түрээслэн ажиллуулж байсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь барааг өгсөн гэх “Б” компанитай худалдах, худалдан авах “гэрээ байгуулсан”, тус компанийн захиалгын дагуу “барааг шилжүүлсэн” гэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгчийн “Б” компанид өгсөн гэх уг хүнсний барааг иргэн Ж хүлээн авсан, харин иргэн Ж нь хариуцагч “Б” компанитай хамааралтай болох нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч “Т” компани нь хүнсний барааг “Б” ХХК-д хүлээлгэж өгснөө баримтаар нотлоогүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Шүүхээс, нэхэмжлэгч “Т” компанийг нэхэмжлэлээ баримтаар нотлох үүргээ шүүхэд хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзэн “Т” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/125091?daterange=2020-01-01%20-%202023-02-06&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүх, шүүгч Ц.Амармэнд

Холбоос