Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар гомдлоо гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.03.19, 181/ШЗ2024/05917

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тойм: 2024.03.20. процесс-1

“Эмбасси тауэр” ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй байтал өөрийнх нь эзэмшлийн газрыг бусдын байшинтай хамт дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг хуульд нийцээгүй гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /27.1.2/-д төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Эмбасси тауэр” ХХК-иас дээрхи хуульд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг үндэслээд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болтол газар дээр баригдсан барилга гаражтай холбоотой Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 давхар барилга, гаражид холбогдох хэсгээр түдгэлзүүлжээ.

Ийнхүү түдгэлзүүлсэн захирамжийг гаргахдаа 3 давхар барилга, гаражийн доор байгаа гэх нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт холбогдох хэсгээр гэхийг барилга, гаражид холбогдох хэсгээр гэх агуулгаар техникийн шинжтэй алдаа гаргаснаа мэдснээр 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар залруулсан.

Тодруулбал, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэлд дурдсан “Эмбасси тауэр” ХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203008039 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 1460700227 дугаар бүхий 4257 м.кв талбайтай газарт холбогдох хэсгээр түдгэлзүүлэх болгож, өмнөх 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн захирамжид өөрчлөлт оруулсан болно.

“Эмбасси тауэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбтогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн

Холбоос