Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан этгээд өөрөө хариуцна

Шүүхийн шийдвэрийн  огноо, дугаар:   2020.01.14,  182/ШШ2020/00118

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2022.12.15 шийдвэр- тойм 9     

  Төрийн байгууллага шүүхэд хандаж “….газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.

  Төрийн байгууллагын дарга Ч ажилтан Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасныг эс зөвшөөрч Б гомдлоо шүүхэд гаргаж, шүүхээс Ч-ийн гаргасан тушаалуудыг Хөдөлмөрийн холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг улсын төсвөөс олгосон үйл баримт тогтоогдсон.

  Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх талаар хуулиар зохицуулсан байдаг.

  Төрийн байгууллагын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хуульд нийцүүлж тушаал, шийдвэр гаргах үүрэгтэй ба өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа илтэд болгоомжгүй үйлдлээр буюу өөрийн зүгээс идэвхтэй үйлдлийг хуульд заасны дагуу явуулаагүй, гарах үр дагаврыг мэдсээр байж хайнга болгоомжгүй хандсанаар хууль бус тушаал, шийдвэрийг гаргаж байгууллагад хохирол учруулжээ.

  Шүүх хууль бус тушаал шийдвэр гаргасан этгээдийн төрд учруулсан хохирлыг захиргааны байгууллага нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/124466?daterange=2020-01-01%20-%202020-12-15&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс

Холбоос