Эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад түүний улмаас учирсан хохирлыг иргэний шүүх шийдвэрлэхгүй

Захирамжийн дугаар: 2022.10.20-ны 181/ШЗ2022/014191,

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.

2022.10.31, процесс – тойм-2

 

Банк нь “И” ХХК болон “Д” ХХК, иргэн Золоо нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,936,111,508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нараас шүүхэд хандаж, “… Банкны эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж, “И” ХХК-д зээл олгож, давуу байдал бий болгосны улмаас Банканд их хэмжээний хохирол учруулсан хэргийг Авилгатай тэмцэх газар нь мөрдөн шалгаж байгаа. Энэ хэргийн их хэмжээний хохиролд энэ нэхэмжилж байгаа зээлийн төлбөр орсон. Энэ зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Банк уг асуудлаар ирүүлсэн тайлбартаа “… манай банк нь “И” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж уг зээлийг олгосон бөгөөд зээлийг хугацаанд нь буцааж төлөөгүй тул төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь гэрээний маргаан юм. Харин Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа асуудал нь Банкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль зөрчиж, зээл олгон бусдад давуу байдал үүсгэсэн эсэх талаар буюу албан тушаалтнуудад холбогдох тул энэ нэхэмжлэлтэй хамааралгүй” гэв.

 

Хуульд, эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой маргааныг уг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэлд дурдсан асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд “И” ХХК-д олгосон зээл нь уг шалгаж байгаа хэргийн их хэмжээний хохирол, төлбөрт хамаарч байгаа нь тогтоогдсон тул шүүхээс Банкны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа.

Холбоос