Үр дүнгийн гэрээг дүгнэхгүйгээр урамшуулал авах эрхгүй.

Шийдвэрийн дугаар: 2022.03.10 182/ШШ2022/00645-ны өдрийн 182/ШШ2022/02307

Шийдвэрийн тойм №4, 2023.03.06

Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

 “ПД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “Г” нь 2019 оны үр дүнгийн гэрээний үүргээ ажил олгогч биелүүлээгүйн улмаас олгогдоогүй урамшуулал болох 97 495 877 төгрөгийг гаргуулахаар  хариуцагч “ПД” ХХК-иас нэхэмжилжээ.

Гүйцэтгэх захирал “Г” нь ажилд эгүүлэн тогтоолгох, цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргасан байх ба шүүхээс ажил олгогч контрактын гэрээг цуцалж 2019.07.02.-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, гэхдээ гэрээний хугацаа 2019.12.31-нд дууссан гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34 364 707 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь 2020.12.16-нд хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдлвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-нд болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар  ТУЗ нь уг гэрээг дүгнэж, гүйцэтгэх захирлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг үнэлэх, гүйцэтгэх захирал үр дүнгийн гэрээг дүгнүүлэхдээ бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тайлангийн хамт ТУЗ-д ирүүлэх, компанийн тайлант жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд тайлагнасан цэвэр ашгийн 10 хувийг тодорхой үзүүлэлтээр хувилж, гүйцэтгэх захиралд 40 хувийн урамшууллыг  ТУЗ-ын тогтоолоор олгохоор зохицуулжээ.

Хуульд зааснаар урамшуулал нь цалин хөлсний нэг бүрдэл хэсэг болох бөгөөд ажилтны ажлын үр дүн, байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажилтанд тодорхой нөхцөл болзлыг хангасан үед олгодог олговор юм.

Ажил олгогч “ПД” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, үр дүнгийн гэрээ, бусад журамд зааснаар гүйцэтгэх захиралд урамшуулал олгох зохицуулалт байгаа хэдий ч хариуцагч “ПД” ХХК нь гүйцэтгэх захирал “Г”-ийн үр дүнгийн гэрээ болон ажлыг дүгнээгүй, мөн “Г”-с гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн тайлангийн хуудсыг хүргүүлээгүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байсны дээр нөгөө талаар гүйцэтгэх захирал “Г” нь тухайн тайлант жилд бүрэн ажиллаагүй тохиолдолд “ПД” ХХК нь компанийн жилийн цэвэр ашгаас “Г”-д урамшууллыг хэрхэн тооцож олгох талаар дээрх журам, гэрээнд зохицуулаагүй байна гэж шүүх дүгнэжээ.

Шүүхээс  2019 онд “Г” нь бодитоор бүрэн ажиллаагүй үед уг урамшууллын хэмжээг шүүх тогтоох нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://www.shuukh.mn/single_case/109903?daterange=2022-03-10%20-%202022-03-10&id=1&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа.

Холбоос